Иргэн бүрийн хуримтлалын нэрийн данс арвижлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдан хэрэгжиж
эхэлсэн хоёр жилийн хугацаанд Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгө 1,103.8 тэрбум
төгрөгт хүрч, сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад оруулах замаар арвижуулан,
иргэний хуримтлалын нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болоод байна.
Тодруулбал, Хуримтлалын санд 2024 онд 495.6 тэрбум төгрөгийн
мөнгөн хөрөнгө төвлөрч Монгол Улсын 3,565,966 иргэний (Улсын бүртгэлийн ерөнхий
газрын иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангийн 2024 оны 04 дүгээр сарын
19-ний байдлаар бүртгэлтэй) Хуримтлалын нэрийн дансанд хуваарилсан бөгөөд нэг
иргэнд 138.9 мянган төгрөгийн бүртгэл хийж, И-Монгол төрийн үйлчилгээний мэдээллийн
системээр дамжуулан иргэдэд мэдээлсэн.
Харин 2025 онд Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт
малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой
хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн орлогоос 507.1 тэрбум
төгрөг, мөн сангийн 2025 оны хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоос 68.5 тэрбум
төгрөгийг тус тус төвлөрсөн.
Дээрх орлогыг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн
дансанд тэгш хуваарилан бүртгэснээр нэрийн дансны хуримтлал 306.1 мянган
төгрөгт хүрч нэмэгдсэн байна.