Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрийн үр нөлөөний үнэлгээг хэлэлцлээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Азийн хөгжлийн банкны “Цар тахлын үеийн хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл–2”-ын дэмжлэгтэйгээр олон улсад амжилттай хэрэгжиж буй “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийг Монгол Улсад 2022–2025 онд туршилтаар хэрэгжүүлсэн.

Хөтөлбөрийн хүрээнд гурван дүүргийн 1259 өрхийг хамруулан 36 сарын хугацаанд өрхийн амьжиргааг дээшлүүлэх, тогтвортой орлогын эх үүсвэртэй болгоход чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлсэн нь зорилтот бүлгийн өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг болсон юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр нь зорилтот өрхийг оновчтой тодорхойлж чадавхжуулах, өрхөд чиглэсэн сургалт дасгалжуулалт, төрийн үйлчилгээний уялдаа холбоог хангах, өрхийн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар амьжиргааг нь сайжруулах  цогц арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр арга зүйн сайн туршлага болсон” гэлээ.

Азийн хөгжлийн банкны зүгээс дээрх хөтөлбөрийн үр нөлөөний үнэлгээг өнөөдөр оролцогч талуудад танилцуулж, олон сорилт, сургамж байсныг талууд онцолж байна. Уг хөтөлбөрийн үр нөлөөний үнэлгээ, түүнээс гарсан санал, зөвлөмжүүд нь дараагийн хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд  чухал хувь нэмэр болох юм.

 “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийн сургамж, туршлага дээр үндэслэн “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрт АХБ-ны зүгээс техник туслалцааны зарим дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дээш