Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.04.02/ хуралдаанаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж
байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн хамгааллын
хэлэлцээрийг улс орнуудтай байгуулан ажилладаг.
Энэ хүрээнд Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яам болон Бүгд Найрамдах Австри Улсын Нийгмийн хэрэг, эрүүл мэнд,
асрахуй, хэрэглэгчийг хамгаалах яам 2023 оноос хамтран ажиллаж, Олон улсын
гэрээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу “Нийгмийн
хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын
хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцож, талуудын дотоодын хууль тогтоомжийн
шаардлагыг хангаснаар “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд
Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-т 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр
Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан.
Хэлэлцээр хэрэгжсэнээр иргэд нийгмийн даатгалын шимтгэлийг
хоёр улсад давхар төлөхөөс чөлөөлөгдөх, хоёр улсад ажиллаж, нийгмийн даатгалын
шимтгэл төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцуулж, өндөр насны, хөдөлмөрийн
чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүсгэх, тухайн улсын хууль
тогтоомжийн дагуу даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг
тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа нь
сайжрах юм.
Манай улс Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс,
Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах
Чех, Бүгд Найрамдах Казахстан улс гэсэн долоон улстай нийгмийн хамгааллын
хэлэлцээр байгуулаад байгаа бол Бүгд Найрамдах Австри Улс найм дахь улс болж байна.
Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан улс орнуудад 92
мянга гаруй монгол иргэн ажиллаж амьдарч байна.