УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газарт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Т.Аубакир үргэлжлүүлэн ажиллахаар томилогдлоо.
Улсын Их Хурлын 2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн чуулганы
нэгдсэн хуралдаанаар томилгоог сонсож, Засгийн газрын гишүүний тангараг өргөв.
Үүний дараа яаман дээр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн
засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон холбогдох албаны хүмүүс ирж Монгол Улсын
Ерөнхий сайдын захирамжийг уншиж танилцуулснаар Т.Аубакир сайд үүрэгт ажилдаа
албан ёсоор орлоо.
Өнгөрөгч 9 сарын хугацаанд Т.Аубакир сайд салбарынхаа эрх
зүйн шинэчлэлийн суурийг тавьж, чамгүй олон ажлыг амжуулсан билээ.
Зарим ажлыг дурдвал,
- Манай улс 1981 оноос хойш нийтдээ 6 улстай байгуулсан
байсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг 9 сарын дотор 2 улсаар нэмэв. Австри
болон Казахстан улстай хийсэн "Нийгмийн хамгааллын хэлэлцээр"-ийг
амжилттай УИХ-аар батлуулж, тус улсад ажиллаж буй монгол иргэдийн нийгмийн
хамгааллын эрх зүйн орчин бүрдлээ.
- Салбарын 7 хуулийн төслийг боловсруулж, түүнээс 2 хуулийн
төслийг нь Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж, тэтгэврийн олон давхаргат
тогтолцооны суурь болох "Хувийн нэмэлт тэтгэврийн тухай" хуулийн
төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Цаашид Монгол Улсын хөгжлийн суурь болох хүн амын бодлогыг
дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах хууль эрх
зүйн орчныг улам боловсронгуй болгож, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон
салбарын ажлуудыг бодит үр дүнд хүргэж ажиллахыг зорино гэдгээ Т.Аубакир сайд
онцоллоо.