“ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улсын Их Хурлаас 2024 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн шинэчлэлээр хүүхэд хамгааллын үйлчилгээ, хүүхэд хамгааллын тогтолцоог өргөжүүлсэн. Мөн хуулийн 29 дүгээр зүйлд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллыг анх удаа хуульчилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч хүүхдийн эрхийг хангах, хамгаалах зохицуулалттай болсон.
Хуулийн 29.6-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хамтран батална.” гэж хуульчилсан байдаг.
Уг заалтын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны А/85 дугаар тушаалаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын журмын төслийг боловсруулж, батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсгийн гишүүд тушаалын хэрэгжилтийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн тоон мэдээлэл, өнөөгийн нөхцөл байдал, хүүхдэд ээлтэй өрөөний ашиглалт, хүүхдэд ээлтэй бөгөөд хохирогч төвтэй арга барилаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа эсэх мэдээллийг цуглуулж, санал солилцон, журмын төсөлд тусгах санал хэлэлцсэн.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд энэхүү журмын төслийг таван бүлэгтэйгээр боловсрууллаа. Журмын төсөлд өгөх саналаа azjargal@mflsp.gov.mn; хаягаар ирүүлнэ үү.