Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийгмийн ажилтнуудыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга зүйгээр чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа "Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь" хөтөлбөрийн хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийгмийн ажилтнуудыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга зүйгээр чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

Сургалтад Улаанбаатар хот болон 21 аймгаас нийт 75 алба хаагч хамрагдаж, хорих ангиас  суллагдсан иргэнийг хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд шилжихэд дэмжих чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, харилцан туршлага солилцлоо.

Сургалт нь:

  • Зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ
  • Ажил олгогчтой холбох арга зам
  • Ажлын байранд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх
  • Нийгмийн ажлын хүрээнд хүний эрхийг хангах асуудлууд зэрэг сэдвүүдийг хамрав.

Мөн оролцогчид бодит кейс дээр ажиллаж, практикт хэрэгжүүлэх арга барилд суралцлаа.

Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь хөтөлбөр нь зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, ажил олгогчтой холбох, ажлын байранд дадлагажуулах замаар тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой бөгөөд олон талт хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжиж байна.

 

Дээш