Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг баталлаа
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл нь Засгийн газар, МАОЭНХ, МҮЭХ-ний төлөөллөөс бүрддэг бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг хэлэлцэн батлав.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг ажил олоход хүндрэлтэй иргэн, ажилгүй иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, залуучууд, малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олгогчийг хамруулах бөгөөд хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих, ажил олгогчийг дэмжих, нийтийг хамарсан ажил зохион байгуулах, аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах, борлуулалтын болон ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2017 оны төсөв 61,5 тэрбум төгрөгөөр батлагдсан ба малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгох жижиг зээлэнд 32,5 хувийг хөтөлбөр, арга хэмжээнд 40,9 хувийг, зарцуулж байгаа нь өмнөх онтой харьцуулахад жижиг зээл 6,6 хувь, хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулах хөрөнгө 3,6 хувиар нэмэгдсэн байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2017 оноос хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний өөрчлөлтүүд:
“Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”:
- Ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажилгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох болон нийгэмшүүлэх зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн харилцааны мэдлэг олгох, харьцааны ур чадвар, сэтгэл зүй, хувь хүний төлөвшил, хөдөлмөрийн харилцаа аюулгүй ажиллагааны сургалтуудаар хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээг,
- Ажил олгогчийн ажлын байранд иргэдийг үйлдвэрлэл дээрх сургалтад болон мэргэжлийн, давтан сургалтад хамруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”:
- Залуучууд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчийн гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллаж ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөх (ментор)-ийн туслалцаатайгаар хөгжүүлэх, шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах арга хэмжээг,
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчийг хувиараа болон бүлгээр хөдөлмөр эрхэлж, ажлын байр бий болгох зорилгоор тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад нь зориулж, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг,
- Эргэн төлөгдөх санхүүгийн болон гарааны дэмжлэг авсан залуучууд, залуучуудын бүлгийг бараа, бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх, ажлын байрны түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээг тус тус хэрэгүүлнэ.
“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”:
- Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны хөдөлмөрийн насны иргэн, гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэнд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох,
- Аж ахуй, бичил бизнес эрхлэгч иргэн болон жижиг зээл, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл өгсөн, төсөл нь шалгарсан иргэнийг хүсэлтэд нь үндэслэн аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулах,
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон эргэн төлөгдөх санхүүгийн болон бусад дэмжлэг, жижиг зээл авсан иргэний бараа, бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх, ажлын байрны түрээсийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ,
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 13 дугаар зүлйд заасан Ажил олгогчийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- Бүртгэлтэй ажилгүйчүүдэд байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй бусад нөхцөл байдлын улмаас үүссэн хор уршгийг арилгах, нөхөн сэргээх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд бүтээн байгуулалт хийх, сайжруулах, тохижилт хийх, хог хаягдалгүй байлгах, байгаль орчинг хамгаалах, ой цэвэрлэх, мод тарих, голын ай сав, үер усны даланг цэвэрлэх, усны нөөц сан байгуулах, засварлах зэрэг ажлын төрлөөр нийтийг хамарсан ажил зохион байгуулах,
- Ажил хайгч иргэд, их, дээд сургуулийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын өдрийн ангид суралцагчийг орлого олоход дэмжлэг үзүүлэх зорилгоор цагийн ажилд зуучлах,
- Иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамруулан сургаж, орлогоор дэмжих арга хэмжээг хэрэгжүүлнэ
“Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”:
- Хөдөлмөрийн чадвартай, 15-39 насны 2-оос доошгүй гишүүнтэй, бог малд шилжүүлснээр 200 хүртэл толгой малтай “малчин” өрхийг малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулах,
- Мал аж ахуй эрхлэлтийн сургалт, туршлага солилцох уулзалт зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулна.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ, дэмжлэгтэйгээр ажилд зуучлах үйлчилгээ, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, борлуулалтын болон ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх, аж ахуй эрхлэлтийн болон хөдөлмөр эрхлэлтийн сургалт явуулах арга хэмжээг,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхэд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан ажил олгогчийг урамшуулал болон санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамруулна.
“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”:
- Ахмад мэргэжилтний зөвлөн туслах үйл ажиллагаа шаардлагатай байгаа боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй болон төрийн захиргааны салбарт ахмад мэргэжилтний зөвлөгөө, улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг ахмадын эрх ашгийг хамгаалсан холбоодтой хамтран ажиллах арга хэмжээ,
- Хувиараа өрхийн үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх сонирхол бүхий ахмадуудын төслийг шалгаруулж, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Дээрх хөтөлбөрүүдэд орсон томоохон өөрчлөлтүүд нь санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөлттэй болгосноор санхүүгийн хуримтлал үүсгэн хамрах хүрээг тэлэх, эдийн засгийн хүндрэлийн үед ажил олгогчийг урамшуулах, иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг дэмжих замаар ажлын байрыг тогтвортой хадгалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг уян хатан зохион байгуулах, оролцоог хангах, хяналтыг сайжруулах ба “халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү” гэсэн гол зарчмыг агуулж байгаагаараа ач холбогдолтой юм.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ