Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 190 дүгээр конвенцод нэгдэн орох асуудлаар олон талын зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 2019 онд баталсан “Ажлын байрны дарамт, хүчирхийллийг устгах тухай”  190 дүгээр конвенцод нэгдэн орох хэрэгцээ, шаардлага, бэлтгэл, талуудын байр суурийг хэлэлцэх уулзалт зохион байгууллаа.  

 “Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/”-ийн 7 дугаар зүйлд ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох тухай зохицуулалтыг шинээр оруулсан. Уг зохицуулалтад ажил олгогч, ажилтан, гуравдагч этгээд бие биедээ амаар, биеэр, болон бусад хэлбэрээр дарамт үзүүлэхийг хориглосон.  

Мөн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээрт “Ажлын байрны дарамт, хүчирхийллийг устгах тухай” 190 дүгээр конвенцод нэгдэн орох бэлтгэл ажлыг хангаж, суурь судалгааг хийхээр тусгаад байгаа юм.

Өнөөдрийн уулзалтаар ОУХБ-аас тус конвенцын талаар ерөнхий мэдээлэл, “Ажлын байрны дарамт, хүчирхийллийг устгах тухай” 190 дүгээр конвенцод нэгдэн орохтой холбогдуулан МҮЭХ-ны зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, судалгаа дүгнэлт, ГБХНХЯ-ны Хөдөлмөрийн хяналтын хэлтсээс Хөдөлмөрийн тухай хуулийн 6,7 дугаар зүйлийн хэрэгжилт буюу Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглохтой холбогдсон зөрчил, гомдлын талаар мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Тус уулзалтад УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал оролцсон бөгөөд Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮЭХ, МАОЭНХ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Фридрих Эбэртийн сан зэрэг байгууллагуудаас байр сууриа илэрхийлсэн.

Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн хяналтын 81, 129 дүгээр конвенцид нэгдэж орох бэлтгэл ажлын явцын мэдээлллийг сонслоо.

Цаашид олон тал салангид байдлаар биш нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллах, сургалт нөлөөллийн ажил хийх, бусад нэгдэн орсон улсуудын туршлага, дотооддоо үүрэг хүлээсэн байгууллагуудын нөхцөл байдал ямар байгаа талаар олон талын мэдээлэл цуглуулах зэргийг төлөвлөж ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

Дээш