Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18.1 хувь нь хөдөлмөр эрхэлж байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаарх хөтөлбөр, арга хэмжээг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт зохион байгууллаа.
Уулзалтыг нээж Гэр, бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд
сайд Б.Солонгоо үг хэлсэн бөгөөд тус
яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний
хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн
ерөнхий газрын дэд дарга М.Явуухулан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих төвийн дарга Ц.Ганчимэг нар болон бусад холбогдох албан
хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл бүхий 80 гаруй хүн оролцсон.
Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс
баримталж буй бодлого үйл ажиллагаа, түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх
чиглэлээр болон цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож,
ажил хөдөлмөр эрхэлж буй сайн туршлагаас танилцуулсан.
Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол
Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаагаас хөдөлмөрийн насны 89.6
мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Үүнээс 18.1 хувь буюу 16.2 мянган хүн
хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд Нийслэлд 4.5 мянган, орон нутагт 11.6 мянган хүн
хөдөлмөр эрхэлж байна.
Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын
яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар онцгой анхаарч, тэднийг дэмжих,
ажил хөдөлмөрт тогтвортой хамруулахын төлөө тууштай ажиллаж байгаа бөгөөд
хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэхийн тулд цогц арга хэмжээг авч
хэрэгжүүлэх үүднээс 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих жил”, 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон тус тус
зарласан.
Энэ хүрээнд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих, ажил
хөдөлмөр эрхлэх, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлээр
олон талт арга хэмжээг зохион байгуулж, иргэд олон нийтийн ойлголт хандлагыг
нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол хийж байна.