Ажилтнууд ажлын цагийн уян хатан зохицуулалт, ажлын бус цагийг хүндэтгэх соёл, хүүхэд болон асаргааны бодит дэмжлэгийг ажил олгогч нараас хүсэж байна

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зайнаас, цахимаар, цагаар ажиллах хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулах зорилт туссан.

Үүнтэй уялдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр  “Гэр бүлд ээлтэй ажлын байрны бодлогын хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” үндэсний судалгааг хийж, өнөөдөр үр дүнг танилцууллаа.

Тус судалгааг IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэсэн бөгөөд уг судалгаанд төр, хувийн хэвшлийн 50 байгууллагын 1100 орчим ажилтан хамрагдсан.

Судалгаанд оролцсон байгууллагуудын талаас илүү хувь нь өөрийн зорилго, стратегидаа гэр бүлтэй холбоотой зорилт, төлөвлөгөө оруулсан байдаг ч хэрэгжилт сул байна. Үүний шалтгаан нь зөвхөн хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас бус, төсвийн зохицуулалт, зарцуулалтын ангилал, татварын орчны бүтэцтэй шууд холбоотой байгааг судалгааны үр дүн харуулж байна.

Ажилтнууд ажлын цагийн уян хатан зохицуулалт, ажлын бус цагийг хүндэтгэх соёл, хүүхэд болон асаргааны бодит дэмжлэгийг ажил олгогч нараас хүсдэг байна.

Судалгааны тайлан танилцуулах үеэр MCS internatiol ХХК, Бэрс финанс ХХК "Гэр бүлд ээлтэй хөдөлмөр эрхлэлтийн бодлого" батлан, хэрэгжүүлж байгаа сайн туршлагаасаа хуваалцлаа.

Судалгаанаас гарсан үндэсний бодлого, хууль эрх зүйн орчинтой холбоотой зөвлөмжүүдийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, цаашид гэр бүлд ээлтэй хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг дэмжинэ.

Түүнчлэн судалгааны үр дүнг үндэслэн “Төрийн албан хаагчдыг зайнаас, цахимаар, цагаар ажиллуулах журам”,  “Аж ахуйн нэгж, байгууллагад зайнаас, цахимаар ажиллах хөдөлмөрийн дотоод журам боловсруулах аргачлал, зөвлөмж”-ийг боловсруулан батлуулах юм.

Дээш