"Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах" үндэсний санаачилгыг хэрэгжүүлэхэд Олон Улсын байгууллагуудтай хамтарна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны үр дүн, цаашдын зорилтын талаар санал солилцлоо.
Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
хөтөлбөрийг ЖАЙКА-тай хамтран үр дүнтэй хэрэгжүүлсэн. 1250 өрх хамрагдсанаас 60
гаруй хувь нь тогтмол ажил орлоготой болж, ядуурлаас гарсан. Энэхүү хөтөлбөрийг
хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн Монгол Улсын Засгийн газраас баталсан
“Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга”-ыг
хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сайд уламжилсан юм.
Тус яамнаас 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон
зарлаж, хөдөлмөрийн насны бүх бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онцгой
анхаарч байна. Мөн хүн амын насжилт нэмэгдэж, асрамж шаардлагатай ахмадуудын
тоо өсөж байгаатай холбогдуулан ахмад настны хэрэгцээнд тулгуурласан цогц
тусламж үйлчилгээ чухал байна. Эдгээрт чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх
боломжийн талаар ярилцсан.
Японы Засгийн газартай байгуулсан хоёр орны хамтын
ажиллагааг үргэлжлүүлж, идэвхтэй хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.