Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүллээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, нийгмийн түншлэгч талууд, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор боловсруулаад байна. Хуулийн төслийг өнөөдөр /2026.02.12/ төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачдын төлөөлөлд танилцуулж, санал авлаа.

2008 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай анхдагч хууль батлагдсанаар салбарын хууль эрх зүйн орчин бүрдэж ажил, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бодит ахиц дэвшил гарсан.

Гэсэн хэдий ч хууль батлагдсанаас хойш 18 жилийн хугацаанд манай улсын нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбар, хөдөлмөрийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч, олон улсын чиг хандлага, сайн туршлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байна.

Энэхүү хуулийн төсөлд ажил хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх бүтэц, тогтолцооны шинэ зохицуулалтыг тусгасан.

Хууль батлагдсанаар ажил олгогч, даатгуулагчийн эрх, үүрэг тодорхой болж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.

Дээш