Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм журмыг зөрчсөн үйлдэлд шинжээчийн дүгнэлт гаргах журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран боловсруулна
Төрийн албан хаагчийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасны дагуу шинжээчээр томилон ажиллуулж байгаа нь хуульд нийцэж буй эсэх асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын албан хаагчид Шүүх шинжилгээний ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Халиунбаяр тэргүүтэй албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо.
Уулзалтаар,
- Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасны дагуу төрийн албан хаагч шинжээчээр ажиллах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хэрхэн ажиллах тухай зохицуулалтыг байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр журамлах;
- Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөлд тус яамны төлөөллийг оролцуулах;
- Төрийн байгууллагын албан хаагчид эрүүгийн хэрэгт шинжээчээр ажиллах хууль эрх зүйн орчинг нэг мөр болгох зорилгоор ажлын хэсгийг байгуулах саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм журмыг зөрчсөн үйлдэлд шинжээчийн дүгнэлт гаргах журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран боловсруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхээр болов.