Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц /CEDAW/-ын 11 дүгээр тайлан илтгэлийг боловсрууллаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц” CEDAW -ын хэрэгжилтийн талаар Монгол Улсын 10 дугаар тайлангийн зөвлөмжийг хэрэгжүүлэх Салбар дундын ажлын хэсгийн ээлжит хурлыг 2026 оны  2 дугаар сарын 10-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү ажлын хэсгийн хурлыг ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Л.Мөнхзул нээж үг хэлсэн ба тэрээр хэлсэн үгэндээ Тус ажлын хэсэгт 30 байгууллагын 45 төлөөлөл багтсан нь CEDAW конвенцийн хамрах хүрээ, ач холбогдол ямар өргөн цар хүрээтэйг илтгэж байгааг дурдаад тус яамны зүгээс энэхүү тайланг чанартай  боловсруулахад анхаарахаас гадна  CEDAW Конвенцийн үндсэн үзэл санаа болох  эмэгтэйчүүдийг сонгох, сонгогдох зэргээр улс төр, олон нийтийн амьдралд оролцох хүртээмжтэй тэгш боломжоор хангагдаж, боловсрол, эрүүл мэнд болон ажил эрхлэх харилцаанд эрэгтэйчүүдтэй эрх тэгш байх үндэс суурийг тогтоох,  тэднийг бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөхгүй байх, нөхөн үржихүйн эрхийг баталгаажуулж, гэр бүлийн харилцаа, жендэрийн үүргийг тухайн улс орны ард түмний соёл, уламжлалын онцлогт нь уялдуулан авч үзсэн хүний эрхийн гэрээ гэдэг талаас нь ажлын хэсгийн гишүүдийн ойлголтыг нэгтгэж,  чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ажилласнаа дурдсан юм.

Энэ удаагийн хурлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-ын МУ-ын 11 дүгээр тайлан илтгэлийн хугацаанд гаргасан ололт амжилт, анхаарах асуудал сэдвээр тус илтгэлийг боловсруулахад зөвлөхөөр ажилласан Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн М.Болормаа мэдэээлэл хийсний дараа оролцогчид илтгэлтэй холбоотой асуулт, санал хэлж хэлэлцүүлэг идэвхтэй өрнөлөө. 

ГБХНХЯ-аас МУ-ын ээлжит 11-р тайлан илтгэлийг эцэслэн боловсруулж,  Засгийн газарт энэ оны 4-5 дугаар сард танилцуулахаар  боллоо.

МУ-ын 11 дүгээр тайлан илтгэлийн хамрах хугацаанд  нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсан төдийгүй нийгмийн хамгааллын салбарт  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийг дэмжих тухай, Саадгүй байдал хүртээмжийн тухай, Дохионы хэлний тухай зэрэг 10 гаруй хуулийг боловсруулж, 2020 оны өмнөх үетэй харьцуулахад  хууль эрх зүйн орчныг сайжруулж хүний эрхэд суурилсан ялгаварлан гадуурхалтыг бууруулахад чиглэсэн, хүн бүрт тэгш байх боломжийг олгосноороо илүү ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэж байна.

Мөн 2024 онд болсон Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 32 эмэгтэй гишүүн сонгогдсон бөгөөд  Жендэрийн зөрүүтэй байдлын тайланд  Монгол Улс 2025 онд өмнөх оноос 20 байр ахиж, 65 дугаарт эрэмбэлэгдсэн зэрэг ахиц дэвшил гараад байна.

Дээш