Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгууллаа

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хуралдлаа.

Хурлаар  2026 оны эхний хагас жилд хэлэлцэх асуудлын жагсаалт батлах тухай тогтоолын төсөл, Хөдөлмөрийн арбитрчийн нэрсийн жагсаалт батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 04, 05 дугаар тогтоолоор нийслэлийн хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитрчийн нэрсийн жагсаалтыг баталсан. Харин 2023 оны 08, 09 дүгээр тогтоолоор аймгуудын хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитрчийн нэрсийн жагсаалтыг  баталгаажуулсны дагуу улсын хэмжээнд 61 хөдөлмөрийн зуучлагч, 77 хөдөлмөрийн арбитрч ажиллаж байна.

Тэдгээрээс нийслэлд  7 хөдөлмөрийн арбитрч ажиллаж байна. Нэг арбитрч олон маргаан дээр ажиллах нөхцөл байдал үүсэж, арбитрчийн тоо цөөдөж байгаа тул хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн, хуулийн шаардлага хангасан 18 арбитрчийн нэрсийн жагсаалтыг энэ удаагийн хурлаар хэлэлцэн нэмж баталлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны дарга Т.Аубакир, Монгол Улсын хөгжил зөвхөн дэд бүтэц, хөрөнгө оруулалтаар хэмжигдэхгүй. Харин хөдөлмөр эрхэлж буй иргэн бүрийн эрх, ашиг сонирхол хэрхэн хамгаалагдаж байгаагаар илэрхийлэгдэх ёстойг онцлоод ирэх жилүүдэд нийгмийн түншлэл, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг тууштай дэмжиж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дээш