Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэл олон нийтэд ил тод болно

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн албан хаагчийн бүтээмжийг нэмэгдүүлэн гүйцэтгэлийн үнэлгээг боловсронгуй болгох, "Шинэ итгэл, Эрс шинэтгэл" бодлогод төрийн байгууллагын үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын хариуцлага, ил тод байдлыг хангах зорилт туссан. Энэ хүрээнд Монгол Улсын ЗГХЭГ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллага хамтран “Монгол Улсын Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлагнал, үнэлгээний системийг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл хангагдсан бөгөөд 2026 онд төрийн 600 байгууллагыг нэгдсэн системд холбох аж. 

Системийг 2026 оны 1-р сард төрийн 15 байгууллага дээр туршилтаар нэвтрүүлэх болсны дунд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс багтаж байна.

Өнөөдөр Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын нэгдсэн цахим систем нэвтрүүлэх талаарх сургалтыг ЗГХЭГ-аас тус яаманд зохион байгууллаа.

Одоогоор төрийн албан хаагчийн төлөвлөлт гүйцэтгэл нь цаасан суурьтай, тайланг нэгтгэхэд хугацаа их зарцуулдаг, ихэвчлэн үр дүнд бус үйл явцад суурилсан учраас дүн шинжилгээ хийх боломж хомс, харилцан уялдаагүй байна.

Цахим системийг нэвтрүүлснээр нэгдсэн сан бий болж, гүйцэтгэлийн удирдлага нь мэдээлэлд суурилсан, хяналт, үнэн зөв, бүрэн бүтэн байдал нэмэгдэж, дүн шинжилгээ хийх боломж бүрдэж, иргэд, олон нийтэд ил тод болох юм.

Дээш