МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙГ БҮРТГЭХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМД САНАЛ АВЧ БАЙНА.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 2015 оны нэмэлт өөрчлөлтөөр "Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээлэх журмыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална" гэж тусгасан. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь улсын хэмжээнд мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, тайлагнах дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан бүрдүүлж ажиллах чиг үүрэгтэй. Энэ хүрээнд Хөдөлмөрийн сайдын 2015 оны “Журам батлах тухай” А/234 дүгээр тушаалыг мөрдлөг болгон ажиллаж байна.
Уг журмыг шинэчлэн батлуулахаар журмын төсөлд дараах агуулгыг шинээр тусган боловсруулсан. Үүнд: Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээлэх урсгалыг илүү тодорхой болгосон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь ажилтанд мэргэжлээс шалтгаалсан өвчний шинж тэмдэг илэрсэн талаарх мэдэгдэл, онош тодруулах хүсэлтийг Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг, ажил олгогч, Эрүүл мэндийн байгууллага, ажилтан эсхүл түүний хууль ёсны төлөөлөгчөөс хүлээн авч, хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, үнэлгээний тайлан, эмнэл зүйн үзлэг, шинжилгээнд үндэслэн шийдвэрлэх, онош баталгаажсан тохиолдлыг хөдөлмөрийн чадвар алдсан эсэхээс үл хамааран бүртгэж, цахим өгөгдлийн сан бүрдүүлж олон нийтэд мэдээлэх.
Мөн цаашлаад нэгтгэсэн тоо мэдээг эрүүл мэндийн салбарын албан ёсны статистик мэдээнд нэгтгэхээр Эрүүл мэндийн хөгжлийн төвд илгээхээр тусгасан. Мэргэжлээс шалтгаалах өвчин илэрсэн тохиолдолд хийгдэх хөдөлмөр зохицуулалт, сэргээн засах тусламж үйлчилгээг нэмж тусгасан. Мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээлэх болон түүнээс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэхэд ажил олгогчийн үүргийг илүү тодорхой болгож өгсөн. Журмын төсөлтэй танилцан холбогдох саналаа тус яамны Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын шинжээч Г.Энхмаа /enkhmaa@mflsp.gov.mn/ цахим хаягт ирүүлнэ үү. Утас: 11-263035