“ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ, ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
Мөн хуулийн 21 дүгээр зүйлд тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байхаар, мөн хувь тэнцүүлэн тогтоолгох тэтгэврийн доод хэмжээг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас багагүй байхаар Засгийн газар тогтоохоор зохицуулсан.
Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд тусгагдсан 478.0 тэрбум төгрөгт багтаан 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврийн хэмжээг тогтмол 80,000 (наян мянга) төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолсон.
Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын төслийг боловсруулав.
Мөн одоо мөрдөж байгаа тэтгэврийн доод хэмжээг тогтоосон Засгийн газрын "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 2024 оны 221 дүгээр тогтоолын 2 дугаар заалтыг хүчингүй болгохоор тогтоолын төсөлд тусган санал авч байна.
Иймд та бүхэн холбогдох саналаа tserenbat@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс Засгийн газрын тогтоолын төслийг татаж авна уу.