Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь дарамт хүчирхийлэл нь хүний эрхийн зөрчил юм

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүний Эрхийн Үндэсний Комисстой хамтран хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдад хүний эрхийн сургалт зохион байгууллаа.

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид өдөр тутамдаа цалин хөлсийг нь олгоогүй, ажилтны ажил, амралтын горимыг нь зөрчсөн,  албадан хөдөлмөрт болон ажлын байрны дарамт, ялгаварлал, гадуурхалтад өртсөн,  хөдөлмөрийн чадвар алдсан үед хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн, ажил хөдөлмөр эрхлэх явцдаа ажлын байрандаа осол, гэмтэлд өртсөн,  ажиллаж буй ажлын байр, үйлдвэрлэлийн орчныг нь хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлээгүй, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангаагүй, эрүүл мэндийг нь хамгаалаагүй зэрэг  Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө зөрчигдсөнтэй холбоотой асуудалтай тулгарч, тухайн хүний зөрчигдсөн эрхийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж байдаг.

Иймд хөдөлмөрийн тухай хуульд заасан дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, гарсан гомдол, мэдээллийг үр дүнтэй шалгаж шийдвэрлэхэд дээрх сургалт чухал ач холбогдолтой юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчийн суурь зарчим, үндсэн эрхийг хангуулах, түүнчлэн албан бус салбарын хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг илүү үр дүнтэй шалгаж шийдвэрлэхэд дэмжлэг болно" гэдгийг онцолсон.

2025 оны эхний хагас жилд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн талаарх өргөдөл, гомдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар өссөн байна.

Дээш