Хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг давтан сургах сургалт эхэллээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхдийн эрхийн улсын ахлах байцаагч, улсын байцаагчдыг чадавхжуулах давтан сургалтыг 2025 оны арваннэгдүгээр сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтаар хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүрэм, хүүхдийн эрхийн нийтлэг чиг үүрэг, Хүүхдийн эрхийн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа, удирдах албан тушаалтан, ахлах байцаагчийн анхаарах асуудал, хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, нийгмийн ажлын ёс зүйн дүрэм зэрэг сэдвээр өргөн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, бүлгийн ажлыг зохион байгуулж, мэдлэг олгох юм.
Тус сургалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, 21 аймаг, 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн удирдлага Хүүхдийн эрхийн улсын байцаагч зэрэг 60 албан хаагч оролцож байна.
Давтан сургалтыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментын хамтын ажиллагааны хүрээнд Азийн сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран хэрэгжүүлж буй “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төсөл дэмжин хамтран ажиллаж байна.
Дээш