Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлнэ
Азийн хөгжлийн банкнаас ”Ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээ, тогтолцоог хөгжүүлэх нь” техник, туслалцааны төсөл болон буцалтгүй тусламжийн төслийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж эхлэх гэж байна.
Төслийн хүрээнд ахмад настны урт хугацааны тусламжийн санхүүжилт, бодлого үйлчилгээний талаар олон улсын туршлага, зарчмыг танилцуулах уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Манай улсад хүн амын дундаж наслалт 2024 оны байдлаар 71.8 -д хүрч, 2000 оны түвшинтэй харьцуулахад 8.6 насаар нэмэгдсэн байна.
Хүн ам насжихын хэрээр төрийн бодлого, нийгмийн үйлчилгээг насжилтыг угтсан төлөвлөлтөд чиглүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна.
Иймд Азийн хөгжлийн банкны дээрх төслийн хүрээнд Монгол Улсад Ахмад настны урт хугацааны тусламжийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр судалгаа хийж, замын зураглал гаргах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгоход дэмжлэг үзүүлж, хот, хөдөөгийн 7 төвийг тоног төхөөрөмжөөр хангах, олон улсын туршлагаас суралцах, чадавх бэхжүүлэх ажлыг үе шатайгаар зохион байгуулах юм.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагууд, Азийн хөгжлийн банкны төсөл хариуцсан мэргэжилтэнүүд, олон улсын болон дотоод зөвлөхүүдээс гадна УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, УИХ-ын ХХНХХБ-ны референт зөвлөх, холбогдох яамд, Ахмадын холбоо, Грентлогийн төв, эрдэм шинжилгээний байгууллага, асрамжийн газар, бусад үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төлөөлөл оролцож байна.