Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн цогц арга хэмжээ-Багануур дүүрэгт
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байлал, эрүүл мэндийн төв хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн аян” урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг Багануур дүүрэгт зохион байгуулж байна.
Арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 10-наас 14-ний хооронд үргэлжлэх бөгөөд ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдахаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, шинээр батлагдсан дүрэм, журам, стандартыг танилцуулах зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулах юм.
Аяны хүрээнд өчигдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, оролцогчдоос санал авлаа. Хуулийн хэлэлцүүлэгт ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болох 100 гаруй хүн оролцсон байна.
Багануур дүүрэг нь нийслэлээс алслагдмал, нүүрсний томоохон уурхайтай аж үйлдвэрийн суурин гэдгээрээ онцлог. Багануур ХК-ний уурхайд 1100 гаруй хүн ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хяналт шалгалтыг тогтмол явуулснаар үйлдвэрлэлийн ослын тоо жил ирэх тусам буурсан үзүүлэлттэй байна. Энэ онд тус дүүрэгт үйлдвэрлэлийн осол 4 бүртгэгдсэний гурав нь хувийн аж ахуйн нэгж, жижиг цехэд гарчээ.