Ялалт бол зорилгын нэг хэсэг, харин оролцох нь хамгийн том ялалт
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадвар, хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжих зорилготой “Монгол Абилимп–2025” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын улсын уралдаан Улаанбаатар хотноо эхэллээ.
Хөгжлийн
бэрхшээлтэй хүн бүрийн хэрэгцээ, чадварт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн
үйлчилгээг хүргэх замаар тэдний нийгмийн оролцоо, амьдралын чанарыг сайжруулах
зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг салбарын
хэмжээнд ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ болгон
зарласан.
Энэхүү жилийн
ажлын хүрээнд “Монгол абилимп-2025” улсын II уралдааныг зохион байгуулж байна.
Монгол Улс 2022
онд үндэсний хэмжээнд анхдугаар уралдаанаа зохион байгуулж, ялагчдаа 2023 онд
дэлхийн ур чадварын 10 дахь уралдаанд оролцуулж байсан бөгөөд багийн гишүүдээс
1 хүрэл медаль, 5 мэргэжлээр тусгай байр эзэлж, нийт оролцогч улсуудаас 9
дүгээр байранд орсон амжилт гаргасан.
Энэ удаагийн
уралдаанд бүх аймаг, дүүргээс 18-аас дээш насны 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй
иргэн, 17 мэргэжлийн чиглэлээр оролцож байгаа бөгөөд уралдаанд тэргүүлсэн
үндэсний ялагчийг 2027 онд Бүгд Найрамдах Финлянд Улсад зохион байгуулах
мэргэжлийн ур чадварын 11 дэх уралдаанд бэлтгэн оролцуулах юм.
Улсын уралдааныг
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нээж хэлсэн үгэндээ,
Авьяас чадвар, ур ухаанаа сорих энэхүү уралдаан бол зөвхөн өрсөлдөөн бус бие
биенээсээ суралцах, урам зориг авах, хамтдаа хөгжих сайхан боломж юм. Ялалт бол зорилгын нэг хэсэг, харин оролцох
нь хамгийн том ялалт” гэдгийг цохон
тэмдэглэж, оролцогчдод амжилт хүслээ.
Абилимп
мэргэжлийн ур чадварын уралдаан нь хөгжлийн бэрхшээлтэй хүний чадвар, чадамж,
ур чадварыг өндрөөр үнэлж, тэдний хөдөлмөр эрхлэх, мэргэжил эзэмших боломжийг нээж,
олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.