Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг бүх шатны байгууллага, иргэдэд зөвлөж байна
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад
цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган
сурагч суралцаж байна. 2025 оны 10
дугаар сарын 20-ны өдрөөс Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар хугацаагүйгээр
ажил хаялт зохион
байгуулж байгаатай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг ханган учирч болзошгүй
эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхэд хамгааллыг сайжруулах шаардлага үүсээд
байна.
Хүүхдийн эрхийн
тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад “төр, иргэн, хуулийн
этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг
эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд
оролцох эрхийг тэгш хангах” гэж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн
14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Хуулийн
этгээд хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа,
нөлөөллийн ажил явуулах үүрэгтэй” гэж, тус хуулийн 30 дугаар зүйлийн
30.3 дахь хэсэгт “Төрийн
байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хүүхэд хамгааллыг дэмжих,
хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж, Хөдөлмөрийн
тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажил, амралтын
цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр
ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн
дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын
бодлого хэрэгжүүлнэ.” гэж тус
тус
хуульчилсан.
Дээр дурдсан хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд хүүхдийн
эрхийг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан зохицуулалтын
арга хэмжээ авч хүүхдэд ээлтэй
бодлого, шийдвэр гарган ажиллахыг яамдууд харьяа байгууллагууддаа, аймаг,
нийгслэлийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийн бүх шатны байгууллагад
чиглэл болгох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагад уриалга, зөвлөмж
хүргэж ажиллахыг зөвлөж байна. Үүнд:
1. Багш нарын ажил
хаялтын хугацаанд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт
суралцдаг эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн бүртгэл судалгааг аймаг, дүүргийн
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын
газар, хэлтэстэй хуваалцаж, хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх хүүхдийн
эрхийг хангах талаар бүхий л боломжит арга хэмжээг авч хамтран ажиллах;
2. Сум, дүүргийн
Засаг дарга эрсдэлтэй орчин, эрсдэлт бүлгийн өрх, хүүхдийн аюулгүй байдалд
хяналт тавьж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж, хамтарсан баг, олон нийтийн байцаагч,
эргүүлийн цагдаатай холбоотой, мэдээлэл хүлээн авах, мэдээлэл шуурхай дамжуулж
холбон зуучлах ажлуудыг орон нутагтаа санаачилгатайгаар хэрэгжүүлж ажиллах;
3. Шаардлагатай тохиолдолд байгууллагын
хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр төрийн бүх шатны байгууллага, хувийн
хэвшлийн байгууллагын удирдлагуудад 12 хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эх, асран
хамгаалагчийн аль нэгийг, гэрээс нь цахимаар, 0-5 настай хүүхэдтэй эхчүүд /ганц
бие эцэг, эх/-г цахимаар ажиллуулах эсхүл ажлын цагийг уян хатан зохицуулахыг уриалах, ажилтан,
албан хаагчдын ажил, амралтын цагийг оновчтой зохицуулж, хөдөлмөр
эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүлж,
хүүхдийн эрх, хамгааллын зарчимд нийцсэн ээлтэй
шийдвэр гаргах;
4.Төр, хувийн хэвшлийн бүх байгууллага сургууль, цэцэрлэгийн суралцагчдын эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гэрийн болон орчны эрсдэлийг үнэлж, эрсдэлийг арилгах тухай зөвлөмж, уриалга гаргаж ажиллана уу.