"Хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт" сэдэвт баруун бүсийн цогц арга хэмжээг Баян-Өлгий аймагт зохион байгуулна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрд боломж нээж оролцоог тэгш болгох бодит өөрчлөлтийг хийх, хариуцлага, оролцоо, итгэлийг сэргээх зорилгоор “ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ-ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ” уриан дор 2025 оныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан.
Монгол Улсын Засгийн газрын Бүсийн хөгжлийг дэмжих бодлого, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Баруун бүсийн зөвлөгөө мэдээллийн цогц арга хэмжээг 10 дугаар сарын 06-наас 07-ны хооронд Баян-Өлгий аймагт зохион байгуулна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлаг, байгууллагуудын удирдлага баруун таван аймаг дахь салбар байгууллагуудын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй үйлчилгээнд удирдлага, арга зүйн зөвлөгөө өгч, асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллах юм.
Энэ үеэр иргэдэд салбарын үйл
ажиллагааг сурталчлах, үйлчилгээг шуурхай хүргэх өдөрлөг зохион байгуулна. Тухайлбал,
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, үзэсгэлэн худалдаа буюу АБИЛИТИ ЭКСПО;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэргээн засах тусламж үйлчилгээг хүргэх, зөвлөгөө өгөх;
- Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгнө.
- Мөн ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт” сэдвээр хэлэлцүүлэг, Хүүхдийн төлөө салбар зөвлөлийн хурал, салбарын албан хаагчдад зориулсан сургалт уулзалт, орон нутаг дахь ажил олгогч эзэд, ТББ-уудад зориулсан сургалт зэргийг зохион байгуулна.