Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны Улсын хэлэлцээрийн биелэлт 85.4 хувьтай байна
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо.
Хурлаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийн талаарх мэдээлэл, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг хэлэлцсэн.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны Улсын хэлэлцээрийг 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан.
Тус хэлэлцээрээр хамтарч шийдвэрлэхээр тохирсон цалин хөлсний түвшин доогуур буюу бага орлоготой иргэдийг хамгаалах, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан цалин хөлсний нэгдсэн тогтолцоонд шилжих, нийгмийн даатгалын бодлогын шинэчлэл хийх, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ажиллах хүч, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн болон бодлогын шинэчлэл хийх чиглэлээр тодорхой ахиц гарч, хэлэлцээрийн хэрэгжилт 85.4 хувийн биелэлттэй байна гэж хамтарсан ажлын хэсэг урьдчилсан дүгнэсэн байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Ирэх онд шинээр Улсын хэлэлцээр байгуулахдаа 2023-2025 оны хэлэлцээрийн биелэлтэд хийсэн дүн шинжилгээг үндэслэн талуудын саналыг тусган төслөө боловсруулах хэрэгтэйг онцолсон.
Тэрээр “Монгол Улсын хөгжил зөвхөн дэд бүтэц, хөрөнгө оруулалтаар хэмжигдэхгүй. Харин хөдөлмөр эрхэлж буй иргэн бүрийн эрх, ашиг сонирхол хэрхэн хамгаалагдаж байгаагаар илэрхийлэгдэх ёстой. Тиймээс ирэх жилүүдэд ч бид нийгмийн түншлэл, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг тууштай дэмжиж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай хамтран ажиллана” гэлээ.