Эдийн засгийн идэвхжил нэмэгдэхийн хирээр эрсдэлтэй салбарт ажиллах хүчний эрэлт нэмэгдэж байна
Монгол Улс дахь Европын холбооны төлөөлөгчийн газраас Гэр бүл,
хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж байгаа ХАБЭМ-ийн салбарын
тогтолцооны шинэчлэлийг дэмжин “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн
төвийн институцийн чадавхыг бэхжүүлэх” төслийг хамтран хэрэгжүүлэхээр болсон. Төслийн
албан ёсны нээлт өнөөдөр /2025.06.24/ болж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн
хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул нээж үг хэллээ. Энэ төсөл Европын холбооны нийгмийн хамгаалал,
хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн SociEUX Plus хөтөлбөрийн санхүүгийн болон арга
зүйн дэмжлэгтэйгээр 2025 оны 5 дугаар сараас 2026 оны 5 дугаар сарын хооронд
хэрэгжих юм. Манай улсад үйлдвэрлэлийн ослын тоо өмнөх оноос хоёр дахин
нэмэгдэж, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол 30 хувиар өссөн үзүүлэлт
гарчээ. Үүнийг илрүүлэлт сайжирсантай холбоотой гэж холбогдох хүмүүс үзэж
байгаа юм. Гэхдээ эдийн засгийн идэвхжил нэмэгдэхийн хирээр эрсдэлтэй
салбаруудад ажиллах хүчний эрэлт нэмэгдэх хандлага байгаа юм. Монгол Улсын
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог сайжруулах, үйлдвэрлэлийн осол,
мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах зорилтыг дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэлийг 2025-2028 онд хэрэгжүүлэх
төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна