Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/173 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын төсөлд санал авч байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөр, шалгалт авах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, 22 дугаар зүйлийн 22.1.5-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам тогтоох” асуудлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамааруулсан.
Өнөөдөр улсын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн богино хугацааны түр сургалтын үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж, гэрчилгээ авсан 126 байгууллага байгаа бөгөөд эдгээр байгууллагын 70 орчим хувь нь сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/173 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын 9.1-т “ХАБЭА-н сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд 2 жил тутам хяналт үнэлгээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж, дүгнэлт гаргана” гэж заасны дагуу сургалтын байгууллагын үйл ажиллагаа, шаардлага, стандартын байдалд хяналт-үнэлгээг 2015 болон 2018, 2021, 2023 онуудад хийсэн болно.
2023 онд хийсэн хяналт үнэлгээнд сургалтын байгууллагын 80 орчим хувь нь хамрагдаж, багшийн мэдлэг ур чадвар дутагдалтай, сургалтын орчин, тоног төхөөрөмж, хичээлийн агуулга хөтөлбөр мэргэжлийн бус гэсэн нийтлэг зөрчил илэрсэн.
Иймд энэхүү журмыг яаралтай боловсруулах ажлын хэсгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны А/35 дугаар тушаалаар баталсан.
Ажлын хэсгийн гишүүд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ыг цаашид хэрхэн сайжруулан боловсруулах талаар санал дүгнэлт гаргаж хэлэлцлээ.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын хүрээнд зохицуулж байгаа харилцааг боловсронгуй болгох, сургалтын хөтөлбөр, чанарыг сайжруулах, холбогдох зөрчлийн асуудлыг арилгах зайлшгүй шаардлагатай байгаа тул дээрх журмыг боловсруулж, батлуулахаар ажиллаж байна.
Иймд саналаа 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дотор ХБГ-ын ахлах мэргэжилтэн М.Уянгад ирүүлнэ үү. Утас: 263035 цахим хаяг: uyanga@mlsp.gov.mn