НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”–ийн 2.1.3-т “Халамжаас хөдөлмөрт шилжих бодлоготой уялдуулан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээний эрх зүйн орчныг шинэчилж, ядуурлыг бууруулах бодлого баримтална.”, “Төрөөс үзүүлж байгаа нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ.”, “Улс төрийн амлалтаар өрх, иргэнд халамжийн нийтлэг мөнгөн шилжүүлэг олгохгүй байхаар нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг өөрчилнө.” гэж тусгасан.
Эдгээр бодлогын зорилттой уялдуулан Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.
Энэхүү хуулиар амьжиргааны түвшин доогуур, эмзэг байдалд өртсөн өрх, иргэний амьжиргааг дэмжих, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, бие даан амьдрах чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн нийгмийн халамжийн төрөл, хамрах хүрээг тогтоох, нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах юм.
Та бүхэн Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөлд саналаа тус яамны otgonbileg@mflsp.gov.mn эсхүл buyanjargal@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс хуулийн төсөл болон тус хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг бүрэн эхээр нь татаж авч танилцана уу.