Зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчилж, амрах хүүхдийн тоог нэмнэ

Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа нийт сурагчдын 10 хүрэхгүй хувь нь зуны амралтаараа зусланд амарч байна.

Монгол Улсад  1926 онд анхны гэр зуслан ажиллаж, хүүхдүүд амарч байсан баримт байдаг. 1960-1989 онд нийслэл, аймаг, орон нутаг төдийгүй нэгдэл, сангийн аж ахуй, үйлдвэр, албан байгууллагууд хүүхдийн зуслан олноор байгуулж, нийт хүүхдүүдийн 80 гаруй хувь нь зусланд амардаг байжээ. 

 “Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл” үндэсний хэлэлцүүлгийг ГБХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар улсад бүртгэлтэй 55 зуслан байгаагаас 2024 оны байдлаар 48 зуслан тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 61 мянган хүүхэд зусланд амарчээ.

1960-1970 оны үед баригдсан хүүхдийн зуслангийн ихэнх нь хувьчлагдаж, хуучирч муудсан төдийгүй зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ.

Мөн хүүхдийн зуслан  хүний нөөцийн дутагдалд орж, эцэг, эхийн төлбөрийн чадвар тааруу байгаагаас амрах хүүхдийн тоо цөөрч, ихэнх зуслан бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна. Нийслэл орчмын зуслангийн газрын татвар ихтэй байгаа нь зарим зуслан хаагдах хэмжээнд хүрчээ.

Тиймээс цаашид зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг арга зүйгээр хангах ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг нэмэгдүүлж, зуслангийн хөтөлбөртэй уяж, санхүүгийн эх үүсвэрийг нэмэх шаардлага байна.  

Дээш