ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2.1.1.2-д “Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулж, “Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.”, 2.1.1.3-т “Хиймэл оюун ухааныг ашиглан иргэн бүрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн нийгмийн үйлчилгээг нэвтрүүлнэ.”, 2.1.1.4-д “Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг бүх аймаг, дүүрэгт төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллуулж, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, гэр бүлийн гишүүдийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-ийн 102-т “Гэр бүлийн дэмжих тухай (Анхдагч хууль) гэж тус тус заасан.
Дээрх зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд тус яам Гэр бүлийн тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Гэр бүлийг дэмжих тухай хуулиар эх, хүүхдийн хөгжлийг дэмжих, гэр бүлд ээлтэй орчныг бүрдүүлэх, гэр бүлд хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлэх, ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг хангах замаар гэр бүлийн тогтвортой сайн сайхан байдал, хөгжлийг дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулах юм.
Та бүхэн Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төсөлд саналаа тус яамны erdenechimeg.ch@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс хуулийн төслийг бүрэн эхээр нь татаж авч танилцана уу.