Манай улсад нийгмийн ажилтан мэргэжлийг сонгож суралцсан 6000 гаруй мэргэжилтэн байна
Энэ
өдрийг /2025 он 03-18/ “Тогтвортой
үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” уриа дор нийгмийн
ажлын салбар бүрийн төлөөллүүд идэвхийлэн оролцож, үе хоорондын хамтын
ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн ажлыг сурталчлах, нийгмийн ажлын эрх зүйн орчныг
сайжруулах чиглэлээр нэгдэж байна.
Нийгмийн ажлын олон улсын холбооноос санаачлан жил бүрийн гуравдугаар сарын гурав дугаар долоо хоногийн мягмар гарагт дэлхийн нийгмийн ажлын өдрийг албан ёсоор тэмдэглэдэг.
Нийгмийн ажлын өдрийг Монгол Улс 1997 оноос тэмдэглэж байгаа юм. Энэ нь нийгмийн хөгжилд оруулж буй нийгмийн ажилтнуудын хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, нийгмийн ажлын үйлчилгээ, үйл ажиллагааг сурталчлан, таниулдаг өдөр юм.
Манай улс нийгмийн ажилтан мэргэжилтнийг 1997 оноос хойш бэлтгэж байна.
Энэ мэргэжлийг манай улсад нийт 6000 гаруй хүн сонгож суралцжээ.
Монгол Улсын хувьд сүүлийн арав орчим жил нийгмийн хамгааллын салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлүүд эрчимтэй хийгдэж, нийгмийн ажлын онол, арга зүйд тулгуурласан судалгаа, шинжилгээний ажлууд эрчимжихийн хэрээр нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ, мэргэжилтнүүдийн ур чадварт тавигдах шалгуур, шаардлага улам нэмэгдсээр байна. Хүүхэд хамгааллын тухай хууль (Шинэчилсэн найруулга) энэ жил хэрэгжиж эхэлснээр анхан шатны нэгжид улсын хэмжээнд хүүхэд, гэр бүлийн нийгмийн 833 ажилтан ажиллах орон тоог Засгийн газраас баталсан. 2025 оны 2 дугаар сард Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас шинээр сонгогдсон 620 орчим нийгмийн ажилтныг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтыг улсын хэмжээнд бүсчлэн зохион байгуулсан.
Анхан шатны нэгжид нийгмийн ажлын цогц үйлчилгээг үзүүлэхээр шинээр томилогдон ажиллаж буй нийгмийн ажилтнууд нь хүүхэд, гэр бүлийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэх юм.