Япон улсын загвараар хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зөвлөхүүдийг бэлтгэнэ

Япон улсын загвараар хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зөвлөхүүдийг бэлтгэнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Жайка олон улсын байгууллагатай хамтран 2023 оноос “Монгол Улсын зорилтод бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж ирсэн.Төслийн хоёрдугаар үе шатны төлөвлөгөөний хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зөвлөх”-ийг бэлтгэх хоёр дахь удаагийн сургалт, хэлэлцүүлгийг  2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Ажил олоход хүндрэлтэй иргэнийг ажил олгогчидтой холбож, зуучлахад  Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зөвлөхийн үүрэг, оролцоо чухал юм.

Манай улсын нөхцөл байдалтай уялдуулж, оновчтой тогтолцоог бий болгох зорилгоор Япон улсын туршлагад  суурилсан хөдөлмөр эрхлэлтийн Загвар төслийг Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэг болон Дундговь аймагт туршилтаар хэрэгжүүлж эхлээд байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт төр, хувийн болон төрийн бус байгууллагын 60 орчим төлөөлөл оролцлоо. Төслийн I үе шатны хэрэгжилт, II шатны төлөвлөгөөг Төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, жил турших хөтөлбөрийн талаар Төслийн зөвлөх Танака Ёоко, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зөвлөхийн үүргийн талаар Төслийн зөвлөх Нишимүра Күмико нар танилцууллаа. Энэхүү сургалтад хамрагдсан оролцогчдоос сонгож, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний зөвлөхүүдийг бэлтгэнэ. Сонгогдсон оролцогчид эхлээд ирэх тавдугаар сард Япон улсад болох сургалтад хамрагдах юм. Мөн энэ төслийн хүрээнд ажил олоход хүндрэлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангахад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, орон нутгийн оролцоог нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг сайжруулах нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж боловсруулах юм.

Дээш