Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлийг сайжруулж, туршилтын шинэ төслүүд хэрэгжүүлнэ

Хөдөлмөр эрхлэлтийг үндэсний зөвлөл хуралдлаа.

Хурлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шинэчлэн батлах, Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл, Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөрт нэмэлт оруулах, Ажил мэргэжлийн стандартын төслийн тухай, Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангийн 2025 оны төсвийн хуваарь батлах, зөвлөмж гаргах зэрэг асуудлыг хэлэлцэж тогтоолын төслүүдийг баталсан.

2025 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр 5 багц хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс тодорхойлсон 6 багц хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэн хэрэгжүүлнэ.

Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр шинэ туршилтын төслүүдийг хэрэгжүүлэхээр боллоо. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилготой олон улсын жишигт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний “Job center” төвийг ажиллуулж, дэмжлэг үзүүлэх туршилтын төсөл, Зорилтот бүлгийн иргэний үүсгэн байгуулсан бичил, жижиг аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих “Хөгжлийн гүүр төсөл”-ийг тус тус туршин нэвтрүүлэх юм. 

Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчийг дэмжих зорилготой “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-т нэмэлт оруулж, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй мэргэшсэн зөвлөхүүдийн ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавих, тэдний үйлчилгээтэй холбоотой гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэх тухай хариуцлагын заалтыг  гишүүдийн саналаар дэмжин тусгалаа.

2025 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төлөвлөлтийн үйл явцыг сайжруулах, өмнөх жилүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлтэй холбоотой асуудлуудыг засах, засварлах чиглэлд ахиц дэвшил гаргахад онцгойлон анхаарч ажиллахаар боллоо.

Дээш