“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллуулж болно.”, мөн хуулийн 41.2-т Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална.” гэж тус тус заасан.

Энэ хүрээнд “Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 402 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд дараах үндэслэлийн дагуу хавсралтад нэмэлт, өөрчлөлтийг тусгаж, тогтоолын төслийг боловсруулав.

1. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон өөрчлөлттэй холбоотой

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-ын 3.2-т заасны дагуу Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолын 19 дүгээр хавсралтаар батлагдсан тус зөвлөлийн даргаар Монгол Улсын сайд, Засгийн гарын Хэрэг эрхлэх газрын дарга, дэд даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд ажиллаж байсан бол Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 31 дүгээр хавсралтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, зөвлөлийн даргаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд ахлан ажиллаж байна. 

Иймд журмын төслийн 3.2-т зөвлөлийн дарга нь хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд дарга нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл байхаар тусгасан. 

2. Зөвлөлийн гишүүнээр төрийн бус байгууллагын төлөөллийг сонгон шалгаруулах тухай 

Журмын төсөлд зөвлөлийн гишүүнээр төрийн бус байгууллагын төлөөллийг сонгон шалгаруулахад тавигдах шаардлага, хугацаа болон зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллийн тоог тодорхой тусгасан.

Мөн байгууллагуудаас албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу зөвлөлийн гишүүнээр ганцхан төрийн бус байгууллагын төлөөлөл бус хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн төлөөллийг ажиллах боломжтой байдлаар төсөлд тусгасан. 

Саналаа L.dulamsuren.mflsp.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье. 


Хавсралт файл
Гарчиг Татах
1 Танилцуулга
2 Тогтоолын төсөл
Дээш