“Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хаалт боллоо

Европын Холбоо, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр , НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага , Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл хэрэгжиж дууслаа. 

Европын Холбооноос Монгол Улсад олгосон 50.8 сая еврогийн төсвийн шууд дэмжлэгийн хүрээнд 2020 оны 10 дугаар сараас хэрэгжүүлсэн нийт 7.4 сая еврогийн санхүүжилттэй техник туслалцааны энэхүү төсөл нь төсөв, санхүүгийн удирдлага, хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог шинэчлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ингэхдээ төсвийн төлөвлөлтийг хөгжлийн бодлоготой уялдуулах замаар тогтвортой хөгжил, зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахад түлхэц болохуйц ажлуудыг хэрэгжүүлсэн байна.

Төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните Европын Холбоо-Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 35 жилийн түүхэнд энэхүү төсөл нь нэгэн чухал амжилтын илэрхийлэл болж буйг онцолж, улмаар “Чадавх бэхжүүлэх, мэдлэгээ хуваалцах ажлыг тууштай хэрэгжүүлж, төсөв санхүүгийн удирдлага болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд төслийн хүрээнд хуримтлуулсан сайн туршлагуудыг цаашид түгээн дэлгэрүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээв.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төслийн үр дүн, хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, тогтолцоо, хүртээмжийг сайжруулах, үр дүнд суурилсан бодлого, төсвийн төлөвлөлтийг нэвтрүүлэн цаашид улам сайжруулан, тогтвортойгоор иргэдийн болоод нийгэм, эдийн засгийн хөгжилд хувьд нэмэр оруулсаар байх болно” хэмээн онцлон тэмдэглэв.

Дээш