2025 он тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн Улаанбаатар хотноо эхэллээ.
Зөвлөлдөх уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын
яам, түүний харьяа агентлагууд болох Нийгмийн даатгалын ерөнхий газар,
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил
хамгааллын ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий
газар, тэдгээрийн 9 дүүрэг, 21 аймаг
дахь газар хэлтэс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт болон салбарын бусад
байгууллагын 180 гаруй удирдах ажилтан оролцож байна.
Энэхүү зөвлөлдөх уулзалтаар салбарын бодлогын шинэчлэл,
засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан асуудлууд,
салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал
солилцох, зөвлөлдөх, аймаг дүүргийн салбарын хүрээнд 2023 оны үйл ажиллагааны
үр дүнг хэлэлцэж, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн удирдлагаар
хангах юм.
Мөн бодлогын шинжилгээний зөвлөмж, цаашид авч хэрэгжүүлэх
арга хэмжээний талаар болон Гэр бүл, хүн амын хөгжлийн талаарх бодлого,
анхаарах асуудлууд, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн халамжийн багц хуулийн
хэрэгжилт, тулгамдсан асуудлууд болон Нийгмийн даатгал хуримтлалын сангийн үйл,
хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчлийн талаар хэлэлцэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр
тусгаснаас гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар хариуцан хэрэгжүүлэх
57 зорилт байна.
Салбарын хүрээнд чиглэл бүрээр тогтолцооны шинэчлэлийг хийж
бодлого, хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах, хүн амд үзүүлж байгаа нийгмийн
үйлчилгээг гэр бүл, их өгөгдөлд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэх зорилт тавин
ажиллаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ бид салбарын хэмжээнд үзүүлж
байгаа үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлагад
нийцүүлэн хөгжүүлэх чиглэлд анхаарна. Ирэх 2025 он манай салбарын хувьд
тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно гэдгийг сайд онцлов.