АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТӨСӨЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
УИХ-аас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр баталсан. Энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д “Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна” гэж заасан.
Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.2-д “ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ, тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах” гэж заасан.
Дээрх эрх зүйн зохицуулалтын хүрээнд Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн асрамжийн үйлчилгээ,тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулгат орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, зуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулсан болон хандив, санхүүгийн дэмжлэг олгосон аж ахуйн нэгж, байгууллагад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлт олгоход Бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлагын төслийг боловсрууллаа.
Та бүхэн төсөлтэй танилцан саналаа gereltod@mflsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.