"Бээжин+30"-ын хэрэгжилтийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн сайд нарын хуралд оролцов
Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2024 оны 11 дүгээр сарын 19-21-ний өдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах талаар 1995 онд гарсан Бээжингийн тунхаглалын 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Бээжин+30” Ази, Номхон далайн бүс нутгийн Сайд нарын бага хуралд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн Үндэсний Хороо болон Төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Бага хурал нь Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөрийн бүсийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, бүс нутгийн түвшинд зөвшилцөлд хүрэх зорилготой юм. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг үндсэн хэлэлцүүлэгт үг хэлж, дэд даргаар оролцов.
Мөн энэ үеэр Монгол Улсын төлөөлөгчид НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, “IWFCI Mongolia” байгууллага, БНСУ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн хүрээлэн, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийг чадавхжуулахад ялгаварлан гадуурхсан нийгмийн хэм хэмжээг өөрчлөх нь: “Бээжин+30”-д чиглэсэн үйл ажиллагааны талаарх ойлголт” сэдэвт арга хэмжээнд байр сууриа илэрхийлэн оролцож, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүл, хүн амын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар салбар хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлого арга хэмжээ, цаашдын зорилтын талаар танилцуулан хэлэлцүүлгийн оролцогчоор ажиллав.