Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны А/48 дугаар тушаалаар баталсан бөгөөд ажлын хэсгийн эхний уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Ажлын хэсэгт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Батлан хамгаалахын яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж ХК, Ардын тэтгэврийн данс ХХК, Нэйшнл лайф даатгал ХХК, Голомт банкны үүсгэн байгуулсан Тэтгэврийн ууган сан ТББ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, Монголын даатгалын холбоо, мөн актуарч, холбогдох судлаач нар зэрэг өргөн бүрэлдэхүүн багтсан.

Хурлыг ажлын хэсгийн ахлагч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул удирдан,  Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга Б.Батжаргал Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг танилцуулж, гишүүд холбогдох саналаа илэрхийллээ.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль нь хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэвэр өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна. 

Хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын, шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх, үйл ажиллагаа, засаглал ил тод байх, санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай байх, өвлөгддөг байх зарчмыг баримтлан ажиллахаар хуулийн төсөлд тусгасан.

Ажлын хэсгийн гишүүд тус хуулийн төслийн ерөнхий агуулгад санал нэгдэж, хуулийн төслийн үзэл баримтлалыг нэн яаралтай батлуулах нь зүйтэй гэж үзлээ.

Дээш