Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцыг таниулах сургалтад хамрагдлаа
Хөгжлийн бэрхшээлийн талаарх дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхойлсон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод Монгол Улс 2009 онд нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс хүртэх адил, тэгш боломж олгох үүргийг хүлээсэн билээ.
Бүгд Найрамдах Солонгос Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвөөс Сөүл хотноо 2024 оны 11 дүгээр сарын 03-09-ний өдрүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцыг таниулах зорилгоор зохион байгуулагдсан “Эрхийг бодит болгоё” сэдэвт сургалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 7 хүн оролцлоо.
Сургалтад манай улсаас гадна Малайз улсын холбогдох албан тушаалтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамрагдсан юм. Оролцогч хоёр улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн мэдээллээ өөр хоорондоо солилцон, туршлага солилцов.
Харин зохион байгуулагч тал болох БНСУ-ын КОДДИ байгууллагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц, нэмэлт протокол, сүүдэр тайлангийн талаарх мэдээлэл болон Солонгос улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого болон саадгүй байдал, хүртээмжтэй орчныг хэрхэн хангах, хэрхэн хяналт тавих зэрэг агуулгаар мэдээлэл хүргэсэн юм.
Дээш