Хөдөлмөрийн хяналтын байцаагчдыг албадан хөдөлмөрийн асуудлаар чадавхжуулах сургалт эхэллээ

Албадан хөдөлмөрийг дэлхий нийтээр хүний эрхийн ноцтой зөрчил гэж үздэг. Дэлхийн олонх улс албадан хөдөлмөрлүүлэхийг хуулиар хориглож, буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Хөгжлийн түвшин үл харгалзан дэлхийн бүх л оронд албадан хөдөлмөр илэрч байна. Албадан хөдөлмөрт хэн ч өртөж болзошгүй. Зарим хүн эрх нь зөрчигдөж, албадан хөдөлмөрийн хохирогч болсноо ч мэдэхгүй явах нь түгээмэл.

Хүн өөрөө сайн дураар зөвшөөрөөгүй байхад ямар нэг байдлаар шийтгэж, эсхүл шийтгэл хүлээлгэхээр сүрдүүлж ажил, үйлчилгээ гүйцэтгүүлбэл албадан хөдөлмөр болно. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө хүсээгүй ажлыг, сайн дураараа хүлээн зөвшөөрөхөөргүй нөхцөлд хууран мэхлэх, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, цалин хөлс, бичиг баримтыг нь барьцаалах, эдлэх эрх, боломжийг нь хязгаарлах гэх мэт олон янзын аргаар албадан хийлгэдэг.

Орчин цагт хүнийг албадах арга, хэлбэр улам нарийсахын хэрээр албадан хөдөлмөрийн гэмт хэргийг илрүүлэх, тогтоох, нотлоход улам түвэгтэй болж байна. Албадан хөдөлмөрийн эрсдэлийг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах, шаардлагатай тусламж, үйлчилгээнд хамруулахад хөдөлмөрийн хяналтын байцаагч нар чухал үүрэгтэй.

АНУ-ын Хөдөлмөрийн департаментын санхүүжилтээр хэрэгжиж буй ОУХБ-ын Бриж-2 төсөл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран албадан хөдөлмөрийн асуудлаар хөдөлмөрийн хяналтын байцаагчдыг чадавхжуулах сургалт өнөөдөр эхэллээ. Сургалтад хөдөлмөрийн хяналтын байцаагчид, хүүхдийн эрхийн байцаагчид, хөдөлмөрийн хууль тогтоомжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургалтыг олон улсын мэргэшсэн сургагч багш Ханс ван де Глинд, үндэсний зөвлөх С.Билгүүн нар монголын нөхцөлд зориулан боловсруулсан сургалтын материал, хэрэглэгдэхүүний дагуу удирдан явуулж байгаа юм.

Сургалтын нээлтэд ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломакс, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны хэлтсийн дарга Б.Мөнхзориг нар оролцлоо.

 

Дээш