“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА” ОНОЛ, ПРАКТИКИЙН  ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой, салбар дундын зохицуулалт шаардлагатай чухал асуудал бөгөөд төрийн бодлого, үйл ажиллагааны зарчим нь тэднийг улс төрийн, эдийн засгийн, нийгэм, соёлын бүхий л харилцаанд ямар нэг алагчлалгүйгээр оролцуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэх ёстой билээ. Монгол Улсад 2017 оны байдлаар 103,6 мянга буюу нийт хүн амын 3.3 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Тэдний 42 хувь нь төрөлхийн, 58 хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Эдгээр иргэд, хүүхдийн асуудлыг бид онцгойлон анхаарч, бодлого шийдвэр бүртээ хөгжлийн асуудлыг тусган хэрэгжүүлэхэд анхаарч байна.

Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хамгааллыг сайжруулах хүрээнд бодлого, эрх зүйн орчноо сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг НҮБ-ын конвенцийн үзэл баримтлал, зарчимд нийцүүлэн УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болгож, батлан хэрэгжүүлж байна.

Түүнчлэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 321 дүгээр тогтоолоор, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Хөдөлмөр нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаар холбогдох хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үйл ажиллагааны салбар дундын зохицуулалтыг сайжруулах, төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар”-ыг байгуулах асуудлыг боловсруулан Улсын Их хурлаар шийдвэрлүүлээд байна.

Дээрх олон арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ч Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг бусад хууль тогтоомж, бодлого хөтөлбөртэй уялдуулах, салбар дундын зохицуулалтыг сайжруулах, зарим арга хэмжээний эх үүсвэрийг тодорхой болгох, орхигдуулсан, салаа утгатай, тодорхой бус зүйл заалтыг засан сайжруулах шаардлага байгаа юм. Иймээс тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлыг зохион байгуулж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд тус онол практикийн хурлыг зохион байгуулж байна.

Амжилттай яваа ажлаа бататган, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх гарц, гаргалгааг олоход өнөөдрийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт: олон улсын чиг хандлага” онол, практикийн хурлын зорилго оршиж байна. Энэ хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг хариуцдаг төрийн байгууллагууд ололт амжилт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг танилцуулан, нөгөө талаас эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөл маань тухай асуудлаар хийсэн судалгааны үр дүн, олон улсын чиг хандлагын талаар сонирхолтой илтгэл мэдээллийг  төр болон төрийн бус байгууллагаас мэдээлэл хийж, хэлэлцүүллээ.

Онол практикийн бага хуралд яам, агентлагийн удирдлага, холбогдох мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлүүдийн төлөөлөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөл,Нийслэл, дүүргийн төрийн байгууллагын удирдлага, ажилтнууд, Их, дээд сургуулийн төлөөлөл, Судалгаа, шинжилгээний байгууллагын төлөөлөллийг хамруулсан оролцоо өндөртэй хурал боллоо.

Тус хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жайка байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-тэй хамтран зохион байгуулсан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах талаар олон улсын туршлага, судалгаа шинжилгээний ажлын талаарх шинэлэг мэдээлэллийг хүргэсэн, тус хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын талаар санал зөвлөмж гаргасан үр дүнтэй хурал боллоо.

 

 

 

 

 

Дээш