Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх 4 дүгээр конгрессыг зохион байгуулна

 

Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг 2009 онд соёрхон баталсан билээ. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг уг конвенцийн агуулгад нийцүүлэн, хөгжлийн агуулгаар баяжуулж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болгон шинэчлэн баталж хэрэгжүүлж байгаа орон билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж байна. Тус хуульд хамт олон түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх асуудлыг тусган хэрэгжүүлж байна.

Энэ утгаараа 2019 онд Монгол Улсад Ази, номхон далайн бүсийн улс орнууд цуглан Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагаар конгресс зохион байгуулах гэж байна.

            Ази, номхон далайн  бүсийн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ болон Ази, номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв тухайн улсын Засгийн газар бусад олон улсын байгууллагуудтай 4 жил тутамд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг зохион байгуулдаг.

            Ази, номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах анхдугаар их хурал 2008 онд Тайланд улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан бөгөөд  53 орны  630 төлөөлөгч оролцсон. Хоёрдугаар их хурал нь "Хүн бүрийг хамт олонтой болгоно" сэдвийн дор 2011 онд Филиппин улсын Манила хотод,  гуравдугаар их хурал нь "Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд" сэдвийн дор 2015 онд Япон улсын Токио хотод болсон байна. Энэ их хурлаас ээлжит дөрөвдүгээр их хурлыг 2019 онд Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

          Засгийн газраас энэхүү шийдвэрийг баталгаажуулан, 2016 оны 124 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсад 2016-2018 онд зохион байгуулах Олон улсын томоохон хурал чуулган, арга хэмжээний жагсаалтад “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд сэргээн засах, Ази Номхон далайн бүсийн 4 дүгээр чуулган” гэж тусгасан билээ. 2018 оны 06 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд энэхүү Конгрессын бэлтгэл хуралдааныг зохион байгуулав. Тус хурлаар Конгрессын ерөнхий сэдэв, дэд сэдэв, бүртгэлийн хураамж, хугацаа зэрэг олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн үр дүнтэй хурал боллоо.

Мөн Ерөнхий сайдын 2018 оны 107 дугаар захирамжаар тус конгрессыг зохион байгуулах Хороог байгуулсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахлан ажиллаж байна.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Ази, Номхон далайн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Пирүүн Лайсмит, Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани нарын зочдыг хүлээж авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд: Салбарын сайдын хувьд ихээхэн ач холбогдол өгч байна. Манай орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар бие даасан хуультай, салбар дундын зохицуулалт хийх үндэсний, дэд, салбар зөвлөлүүдтэй, үндэсний хороог Ерөнхий сайд ахалдаг, агентлагтай болсон, статистик мэдээллээ сайжруулах чиглэлээр томоохон судалгааны ажлыг хийж байгаа зэрэг бусад оронтой хуваалцах багагүй сайн туршлагатай гэв.

Тэд ирэх онд манай улсад болох Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах Ази, Номхон далайн бүсийн дөрөвдүгээр конгрессыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд манай улсад ажилласан юм. Засгийн газрын зүгээс ч, салбарын сайдын хувьд ч энэхүү конгрессыг зохион байгуулах асуудалд онцгой анхаарч, бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлэхэд бэлэн байгааг уулзалтын үеэр хэлээд хэлбэр талаасаа биш агуулга нь сайн, үр дүнтэй чуулган болоосой гэж хүсч буйгаа илэрхийлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн тал дээр хийж хэрэгжүүлж буй ахжлаасаа товч танилцууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг уг конвенцийн агуулгад нийцүүлэн, хөгжлийн агуулгаар баяжуулж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болгон шинэчлэн баталж хэрэгжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэцтэй холбоотой асуудлууд бидэнд тулгараад байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж энэ хүрээнд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор спортын ордон барих зэрэг ажлыг эхлүүлээд байна. Мөн Азийн хөгжлийн банктай хамтраад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор Бизнес инкубатор төв байгуулахаар ажиллаж  байгаа зэрэг олон мэдээллийг солилцлоо.

Дээш