Хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн санг хөгжүүлнэ
“Хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлт” сэдэвт уулзалт боллоо.
Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор “Хүүхэд хамгааллын талаарх эрх зүйн орчин, цахим их өгөгдөл”-ийн талаарх танилцуулгыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Н.Баярмаа, Цахим хөгжил, их өгөгдлийн газрын дарга Н.Мөнхсанчир нар бэлтгэн танилцуулсан юм.
2016 онд Хүүхдийн хамгааллын тухай хуулийг анх батлахдаа “Мэдээллийн нэгдсэн сантай болно” гэж заасан. Ингэснээр эрсдэлт бүлэгт байгаа хүүхдүүд мөн 108 дугаарт хандаж байгаа дуудлага, хурдан морь унаач хүүхэд зэрэг бүх талын мэдээллийг бүртгэж, нэгдсэн санг бүрдүүлж байна. Гэхдээ энэ мэдээллийн дата-г үндэсний хэмжээнд авч ашиглахад зарим зүйлийг илүү сайжруулах хэрэгтэй байна.
Жишээ нь Говь-Алтай аймгийн Тонхил суманд нэг хүүхэд эрсдэлтэй нөхцөлд байгаа нь бүртгэгдсэн тохиолдолд, тухайн хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс гаргахад ямар ажил үе шаттайгаар хийж байгааг кейс менежментийн аргаар тодорхойлно.
Кейс менежмент гэдэг нь аюулгүй, хялбар аргаар мэдээлэл цуглуулж, нэгдсэн санг бий болгох ойлголт юм.
НҮБ-ын хүүхдийн сангаас “Primero” гэдэг кейс менежментийн мэдээллийн санг 2005 оноос хойш хөгжүүлж байгааг тус сангийн бүсийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн Мохан Масаранги Могар танилцууллаа.
Энэ санг дэлхийн 60 гаруй улс орон ашиглаж байгаа бөгөөд 1.6 тэрбум кейс мэдээлэл бүртгэгджээ.
Хүүхэд алга болсон мэдээлэл цацагдахад тухайн хүүхдийн хувийн мэдээлэл, зарим тохиолдолд зургийг нь нийтэд мэдээлдэг. Ингэснээр тухайн хүүхдийн эрх зөрчигдөөд зогсохгүй, илүү аюултай нөхцөлд оруулж болох юм.
“Кейс менежментийн мэдээллийн санг ашигласнаар хүүхдийн хувийн мэдээллийг нууцлахын зэрэгцээ ямар нэгэн гэмт хэргийн хохирогч болохоос өмнө сэргийлэх боломжтой” гэж НҮБ-ын хүүхдийн сангийн бүсийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн танилцуулж байлаа.
Дээш