Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг салбар бүрд хангах талаар сургалт зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын талаарх ойлголт болон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос МУЗГ-т ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар салбар бүрийн төлөөллийг хамруулсан сургалтыг ЮНЕСКО-той хамран зохион байгууллаа.
Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороогоор анхны тайлангаа 2015 онд, 2, 3 дугаар тайланг 2023 онд хэлэлцүүлсэн бөгөөд анхны тайлангийн мөрөөр Засгийн газарт 37 зөвлөмж, 3 шаардлага, 1 хүсэлт ирүүлсэн бол 2, 3 дугаар тайлангийн мөрөөр 35 зөвлөмжийг ирүүлсэн юм.
Сургалтыг хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загварын ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын агуулгыг танин мэдүүлэх, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжийг салбар бүрээр нь ангилан агуулгыг нь тайлбарлан таниулах, бодлого боловсруулах, үйл ажиллагаа зохион байгуулахдаа хөгжлийн бэрхшээлийн асуудлыг хүний эрхийн мэдрэмжтэйгээр зохион байгуулах аргачлалыг таниулах хүрээнд зохион байгууллаа.
Сургалтын үеэр ЮНЕСКО-ийн Зүүн ази дахь төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцыг хэрэгжүүлэх, дотоодын хууль тогтоомжоо конвенцод нийцүүлэхээр хүчин чармайлт гаргаж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийллээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц болон хорооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулж, Засгийн газрын тогтоолоор батлуулахаар ажиллаж байна.