ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТУШААЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын улсын байцаагч нь нийгмийн даатгалын итгэмжит зөвлөх, нийгмийн даатгалын зөвлөх, нийгмийн даатгалын тэргүүлэх гэсэн мэргэшлийн зэрэгтэй байна.”, 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, зэргийн нэмэгдэл олгох журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/137 дугаар тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх, зэргийн нэмэгдэл олгох журам”-ыг мөрдөж байна.
Журмын 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “Итгэмжит зөвлөх мэргэшлийн зэрэг авсан улсын байцаагчид 20 хувийн, зөвлөх мэргэшлийн зэрэг авсан улсын байцаагчид 15 хувийн, тэргүүлэх мэргэшлийн зэрэг авсан улсын байцаагчид 10 хувийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингаас тооцож сар бүр олгоно...” гэж заасан.
Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/137 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын улсын байцаагчид мэргэшлийн зэргийг тогтоох, түдгэлзүүлэх зэргийн нэмэгдэл олгох журам”-д заасан “Итгэмжит зөвлөх” мэргэшлийн зэрэг авсан улсын байцаагчид 30 хувийн, “Зөвлөх” мэргэшлийн зэрэг авсан улсын байцаагчид 25 хувийн, “Тэргүүлэх” мэргэшлийн зэрэг авсан улсын байцаагчид 20 хувийн нэмэгдэл олгох өөрчлөлт оруулахаар “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төслийг боловсрууллаа.
Та бүхэн “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөлд саналаа тус яамны bodigerel@mflsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тушаалын төслийг бүрэн эхээр нь татаж авна уу.