Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн орлого 30-40 хувь нэмэгдсэн байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр” –ийг 2022 оны 6 дугаар сараас эхлүүлсэн. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн 1259 өрхийг амьдрах ур чадвар, бизнес, техникийн ур чадвар олгох сургалтуудад хамруулан, тухайн өрхийн сонгосон чиглэлээр өрхийн бизнес эрхлэхэд зориулан хөрөнгө, тоног төхөөрөмжөөр хангаж, бизнесийг нь дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.

 

Тус хөтөлбөрийг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, хөтөлбөрийн явц, үр дүн, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.

 

Хөтөлбөрийн үр дүнд:

  • Нийт хамрагдсан өрхийн 61 хувь тухайн сонгосон бизнесээ эрхлэх бизнесийн болон техникийн 2-3 ур чадвар эзэмшсэн;
  • Өрхүүдийн 71 хувь нь хөрөнгөө ашиглаж, орлого олж эхэлсэн; 
  • 2021 оны суурь судалгааны үзүүлэлттэй харьцуулахад, нийт хамрагдсан өрхийн сарын дундаж орлогын хэмжээ 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар 30-40 хувь, түүнээс дээш хувиар тус тус нэмэгдсэн байна.

 

Ажлын хэсгийн ахлагч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул уг хурлаар танилцуулсан 3 дүүргийн ХХҮХ-ийн дарга нарын илтгэл, мэдээллээс харахад дүүргийн ажлын хэсгүүд үр дүнтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэж, цаашид  анхаарч ажиллах асуудлуудын талаар дараах чиглэлийг өглөө.  Үүнд:

  • Хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд холбох мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
  • өрхүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зэх зээлд борлуулах өдөрлөг зохион байгуулж, сурталчлах;
  • Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн  зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Туршилтын хөтөлбөрийн өрхүүдийг бүлгийн зохион байгуулалтад оруулах, тоног төхөөрөмжөө үр дүнтэй  ашиглах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  • Ахиц багатай  өрхүүдийн хандлага, тэдний зан үйлийг,  өөрчлөх, идэвхжүүлэх талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
Дээш