Улсын байцаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулж байна
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчдыг чадавжуулах сургалтыг ДЭМБ-тай хамтран 2024 оны 09 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид нь ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэх явцад ажилтны бие махбодь, мэдрэл сэтгэхүйд хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хяналтыг хэрэгжүүлдэг.
Энэ удаагийн сургалтаар Төрийн албан хаагчийн ёс зүй, Зөрчлийн хэрэг бүртгэлт болон ажлын байран дахь тоос, хорт бодисын өртөлт, шуугианы өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад тавигдах ерөнхий шаардлага зэрэг хөдөлмөрийн эрүүл ахуйн шинэчлэн батлагдсан стандартуудын талаар нэгдсэн ойлголт өгөхийн зэрэгцээ эрсдэл өндөртэй салбарын ажлын байранд агаараас тоосны сорьц цуглуулах, дуу шуугиан, доргионы түвшинд хийсэн хэмжилт, шинжилгээний сорьцийг лабораторит шинжилж, үнэлэлт дүгнэлт өгөх, стандарттай харьцуулах дадлага ажилтай хослуулан зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын чиглэлээр 2024 онд эрсдэл өндөртэй салбарын 283 обьектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээс гадна барилга, уул уурхай, тээвэр, хөдөө аж ахуйн салбарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхээр төлөвлөөд байна.
Дээш