“Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын төсөлд санал авч байна

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн 14 хуулийг хэлэлцэн баталсан.

Хүүхдийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 25 дугаар зүйлд Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар зохицуулалтыг хуульчилж өгсөн бөгөөд уг хууль 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.11 дэх хэсэгт цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журмыг цахим хөгжил, харилцаа холбооны, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар заасны дагуу төслийг боловсруулан танилцуулж байна.

Төслийг Австрали, БНСУ, Тайвань болон Малайз улсын цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчин, зохицуулалтын туршлагыг судалсны дагуу Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан.

Журмын төсөл нь 5 зүйл, 24 хэсэг, 35 заалттай. Журмаар цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалахтай холбоотой үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан бөгөөд уг журмыг аливаа хүн, хуулийн этгээд дагаж мөрдөхөөр заасан.

Энэхүү журмаар цахим орчинд хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хортой болон хориотой агуулгыг түгээснээс үүсэх эрсдэлийг таних, мэдээлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг нарийвчлан зохицуулахаар тусгалаа. Мөн уг үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгосноос гадна иргэн, хуулийн этгээдээс гомдол, мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагааны зохион байгуулалт, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийтэд ил тод мэдээлэхээр журамласан.

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах, хүүхдийг хортой агуулгаас хамгаалах хүрээнд энэхүү журмын төслийг таван бүлэгтэйгээр боловсрууллаа. Журмын төсөлд өгөх саналаа  azjargal@mflsp.gov.mn; хаягаар ирүүлнэ үү. 


Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын төслийн танилцуулга
2 “Цахим орчинд хүүхдийг хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ын төсөл
Дээш